УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Иргэд, аж ахуйн нэгжүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн платформыг бий болголоо. Ингэхдээ 1.7 сая хэрэглэгчтэй Ebarimt-ыг түшиглэсэн. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зөвшөөрөл өгч үйл ажиллагааг нь нээсэн 18 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээх аж ахуйн нэгж бүгд qr.119.mn сайтын бүртгэлд хамрагдаж, QR код үүсгэн, код бүхий наалтыг үүдэндээ байршуулна" гэв.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Олон улсын туршлагыг судлахад GPS, Bluetooth технологийг ашиглах нь хувь хүний мэдээллийг алдах магадлал бий учир QR-ыг сонгосон. Ингэхдээ 1.7 сая хэрэглэгчтэй EBarimt системийг түшиглэн нэмэлт хөгжүүлэлт хийсэн. qr.119.mn сайтад хандан газрын зураг дээр өөрийн байгууллагын байршил, нэр, утасны дугаараа оруулан QR кодоо үүсгэх боломжтой.
Тэрхүү кодоо үүдэн хэсэгтээ байршуулснаар иргэд тухайн кодыг уншуулж байх юм. Ингэснээр тухайн байршилд халдвар илэрлээ гэхэд иргэдэд нэн даруй гар утсанд нь мэдээлэл очно" гэлээ.