Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Хүн амын сангаас Люксембургийн Засгийн газрын дэмжлэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн 400 ширхэг нийт 44.4 сая төгрөгийн өртөг бүхий багцыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өглөө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан COVID-19 цар тахлын үед эмзэг иргэдэд дэмжлэг олгож байгаа нь энэ юм. 

Багц хүлээлгэн өгөх ёслолд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон ХНХ-ын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Каори Ишикава, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Цар тахлын хөл хорионы үед Байнгын хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг орхихгүй байж, халамж, ажил, орлого бүх талаас дэмжиж ажиллаж байна. Төр засаг болон Олон улсын байгууллагуудаас өгч буй хандив, тусламж, дэмжлэг зорилтод иргэддээ хүрч байгаа эсэхэд анхаарч байна гэдгээ онцоллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" гэлээ.

Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх статистик байдаг. ХНХЯ уг багцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр асрамжийн газарт 50, Төрийн бус байгууллагуудад 60, амьжиргааны түвшин доогуур байнгын асаргаатай, хэвтрийн 290 иргэнд тараах юм байна.

Таны сурталчилгаа