Цаг үеийн мэдээ

 ЭРЭЭНЦАВ БООМТОД  ШУУРХАЙ БҮЛЭГ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 916 хүн нь хамрагдаад байгаа юм байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 40 хүн хамрагдаагүй байна.

Замын хэмжээнд нийт 2144 ажлын байр, 96.190 м2 талбайд, мэргэжлийн байгууллагуудаар 264 ажлын байрны 8327 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Зөөврийн 130 зүтгүүр, ачааны галт тэрэгний 661 зүтгүүр, сэлгээний 134 зүтгүүрийг ариутгасан байна. Гэрээт байгууллагаар 137 галт тэрэг, 7133 вагон, чингэлэгт, өөрсдийн хүчээр Сүхбаатар, Дархан, Замын-Үүд өртөөнд байрлаж байгаа зорчигчийн 16 вагон, Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд аялж байгаа тээшийн гурван вагонд халдваргүйжилт хийлгэжээ. Шуурхай бүлгийн 14 удаагийн хурлаас Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн 139 үүрэг, даалгавраас 135 нь 100 хувийн биелэлттэй, дөрөв нь 70 хувийн биелэлттэй байна.

Мөн Монгол-Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 1-нээс нээн ажиллуулах болсонтой холбогдуулан коронавируст халдвар, цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдрөөс тус боомтод ажиллаж эхэллээ. Шуурхай бүлгийг МХЕГ-ын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Хосбаяр ахлан ажиллаж байгаа аж.

Хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

-УБТЗ-ын удирдлага урагшаа чиглэсэн галт тэрэг солилцоонд анхаарал хандуулах,

-Амгалан ДЦС-ын нүүрсний тээвэрлэлтэд анхаарч, нөөцтэй холбоотой асуудал үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх,

-Төмөр замын аюултай бүс дээр ажиллаж байгаа хүмүүст хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх, эрсдэлээс сэргийлэхэд анхаарах,

-Ханиад, томуугаас сэргийлэх үүднээс томуугийн эсрэг вакцинд төмөр замчдаа хамруулах талаар санаачилгатай ажиллах,

-Монголын тээвэр жуучлагчдын холбоо, “Болдтөмөр Ерөө гол” ХХК зэрэг олон байгууллага хүнд хэцүү энэ үед УБТЗ-д хандив туслалцаа үзүүлж байгаад талархаж байгаа бөгөөд гадны мөнгөн хандив тусламжийг зарцуулахдаа ковидын үед тулаа хийж, өдөр шөнөгүй галын шугаманд ажиллаж байгаа гүйцэтгэх ажилтнууддаа урамшуулал болгож өгөх тал дээр анхаарах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

 

Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таны сурталчилгаа