Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Олимпийн зөвлөлийн арга зүйчдийн цахим сургалт семинарыг 12 дугаар сарын 2-3-нд зохион байгуулжээ.  

Уг хэлэлцүүлэгт нийслэл болон аймгуудын Олимпийн зөвлөлийн арга зүйчид оролцсон юм. Семинарыг  МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нээж арга зүйчдэд ажлын амжилт хүссэн юм. Улмаар дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Олимпын зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулав. Түүнчлэн МҮОХ-ны Олимпын боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж “Спорт-олимпизмийн шинэ үе” төслийг танилцуулж өргөн мэдээлэл өгөв.

Мөн МУБИС-ийн доктор Б.Нармандах багш “Сурагчдийн бие бялдрын чанаруудыг хөгжүүлэх ба хөдөлгөөний чадвар, дадалд сургах онол арга зүй” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Үүний дараа Герман-Монголын хамтарсан АФА академийн багш, Усан спортын ОУХМ Б.Дөлгөөн “Хувь хүний тогтвортой хөгжил” сэдвээр илтгэл тавьж, олимпын зөвлөлийн арга зүйчдэд танилцуулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Харин тус семинарын хоёр дахь өдөр олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны захирал Ц.Бат-Энх ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “GREEN GAMES-2021” наадмын ажлын явцыг танилцуулсан аж.

Мөн АШУҮИС-ийн багш, доктор Б.Буяндэлгэр олимпизмийн үзэл санааны шинэлэг чиг хандлага сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний дараагаар арга зүйчид чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд сургалтад оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Сургалтад нийт 28 олимпын зөвлөлийн арга зүйчид оролцжээ.

Таны сурталчилгаа