“COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca” компанийн 132 мянган тун вакциныг хүлээн авлаа гэж Өмнөд Суданы Эрүүл мэндийн сайд Элизабет Ачуэй пүрэв гарагт мэдэгджээ.
Өмнөд Суданд ирэх долоо хоногоос эхлэх “COVID-19”-ийн вакцинжуулалтад эмнэлгийн ажилтнууд, 65 болон түүнээс дээш насны хүмүүсийг эхний ээлжид хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.
“Хүн амыг “COVID-19” халдвараас хамгаалах, хэвийн амьдралдаа эргэн ороход нь хувь нэмрээ оруулах вакциныг нийлүүлэн авахад дэмжлэг үзүүлсэн бүх түншдээ талархал илэрхийлье” гэж Э.Ачуэй “Juba” олон улсын нисэх буудалд вакцин хүлээн авсныхаа дараа мэдэгджээ.
“COVAX” хөтөлбөрөөр дамжуулан энэ оны эхний зургаан сарын хугацаанд 732 мянган тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа Өмнөд Суданд өнөөдрийн байдлаар 10 мянга орчим хүн коронавирусээр халдварлаж, 107 хүн нас барсан байна.
Эх сурвалж: Anadolu