Дамжуулах хоолойн томоохон оператор болох “Colonial Pipeline” компани кибер халдлагад өртөж, үйл ажиллагаагаа түр зогсоосний дараа АНУ-ын Тээврийн яам бүс нутгийн хэмжээнд онцгой байдал зарлажээ.
АНУ-ын Нью-Йорк, Виржини, Флорида, Арканзас, Техас, Миссисипи зэрэг өмнөд болон зүүн муж улсуудад онцгой байдал зарласан байна.
“Сүлжээний асуудалтай холбоотойгоор “Colonial Pipeline” компанийн дамжуулах хоолойн системийг гэнэт тасалсны улмаас онцгой байдал үүсэж, өмнөд болон зүүн муж улсуудад бензин, дизель түлш, нисэх онгоцны түлш болон бусад боловсруулсан бүтээгдэхүүний хангамж тасалдаад байна” гэж АНУ-ын Тээврийн яам мэдэгджээ.
Эдгээр муж улс руу бензин болон бусад төрлийн түлшийг яаралтай тээвэрлэх шаардлагатай байгааг тус яам цохон тэмдэглэсэн байна.
Кибер халдлагад өртөж, "дамжуулах хоолойтой холбоотой бүх ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зарим мэдээллийн системд нөлөөлөх аюулаас сэргийлэхийн тулд" зарим шугамыг хаасан гэж “Colonial Pipeline” компани энэ сарын 7-нд мэдэгджээ.
Доголдлыг арилгахад хэдэн өдөр шаардагдаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Одоогийн байдлаар цөөн хэдэн жижиг шугамуудыг ажиллуулж эхэлсэн боловч гол шугам хоолойнууд хаалттай хэвээр байгаа аж.
"Bloomberg" агентлагийн мэдээлж буйгаар, энэхүү халдлагын ард “DarkSide” бүлэглэлийн хакерууд байгаа бөгөөд тэд 100 гигабайтын мэдээлэл хулгайлж чаджээ.