Цаг үеийн мэдээ

Хятад улсад нийт 2,300 орчим шилэн гүүр байдаг ба Пиянь уул нь нутгийн зүүн хойд хэсэгт Лонжин хотын ойролцоо байрладаг ажээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт уулын орчимд цаг агаар муудаж, хүчтэй шороон шуурга цагт 150 км хурдтай шуурсан байна. Салхины улмаас гүүрний шилэн хавтан хагарчээ.

 Энэ үед жуулчин гүүрэн дээр алхаж байсан бөгөөд шилэн хавтан хагарах үед гүүрний бариулнаас зуурч амьд үлдсэн байна.

Лонжин хотын ойролцоох шилэн гүүрний дунд явж байсан жуулчин эрэгтэй шил хагарах үед азаар бариулнаас зүүгдэж эсэн мэнд үлдсэн зураг Хятадын цахим сүлжээнд тархаж, 5,8 сая хүн үзсэн байна. Эрэгтэйг гал сөнөөгчид, ой хамгаалагчид, цагдаа нар цаг хагасын дараа эсэн мэнд аварчээ. Ямар нэг бэртэл гэмтэл аваагүй ч урьдчилан сэргийлэх үзлэгт оруулахаар эмнэлэгт хүргэсэн байна. Түүний бие болоод сэтгэл санааны байдал тогтворжсон тухай мэдээлжээ.

Гүүр хагарсан хэргийг мөрдөн шалгахаар болж, үйл ажиллагааг нь хаасан тухай Лонжин хотын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Хятадын өндөр ууланд байрлуулсан шилэн гүүр, замууд эрсдэлтэй ч адал явдал эрэлхийлсэн аялагч жуулчдыг татах салбар болсон юм. 2018 онд Хэбэй мужид аюулгүй байдлыг хамгаалах үүднээс шилээр хийсэн зам, гүүр зэрэг 32 газрыг хаасан байна. 2019 онд Гуанси мужид шилэн гүүр хагарч, нэг хүн нас барж, зургаан хүн гэмтэж байсан билээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Таны сурталчилгаа