Коронавирусний вакцинд хамрагдаагүй эрүүл мэндийн ажилтнууд есдүгээр сарын 15-наас хойш цалин авах боломжгүй болно гэж Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгджээ.
"Хэрэв та эрүүл мэндийн ажилтан бөгөөд вакцинд хамрагдаагүй бол есдүгээр сарын 15-аас хойш ажиллах боломжгүй болно, мөн цалин хөлсгүй болно" гэж тэрбээр "LCI" сувгийн нэвтрүүлэг оролцохдоо хэлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт ард түмэндээ хандан үг хэлэхдээ эрүүл мэндийн ажилтнуудыг албадан журмаар вакцинжуулахаар болсныг мэдэгдсэн юм. Тэрбээр есдүгээр сарын 15-наас эхлэн шалгалт хийж, вакцин хийлгээгүй эмч, эмнэлгийн ажилтнуудад арга хэмжээ авна гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Францад халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа аж. “Манай улс халдварын хүчтэй давлагаатай нүүр тулаад байна” гэж Макрон цохон тэмдэглэсэн байна.
Францын парламент халдварын нөхцөл байдал хүндэрсэн холбогдуулан энэ сарын 21-нээс яаралтай хуралдаж, цар тахалтай тэмцэх шинэ арга хэмжээг батална гэдгийг тэрбээр мэдээлжээ.
Албадан вакцинжуулалт нь эмч нар, туслах ажилтнууд, тодруулбал, эмнэлэгт ажилладаг эсвэл гэртээ өвчтөн асарч байгаа хүмүүст хамаатай байна.