Энэхүү сэтгэл хөдлөм зурагт нэгэн эр өөрийн нас эцэслэж буй нохойныхоо сүүлчийн хүслийг гүйцээн, дуртай уул өөд нь гаргаж буйг буулгажээ. Тэрбээр нохойгоо тэргэн дээр суулган түрж дээш нь гаргасан байна. 10 настай Монти нохой эзэнтэйгээ ууланд авирах, аялах дуртай байжээ.
Энэ хоёр хамтдаа Брекон Бийконс үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олонтаа ирж, гурван оргилд нь гараад байсан юм. Нохойгоо түрж яваа Карлостой тааралдсан аялагчид тэдэнтэй мэндчилэн, сайн сайхныг хүсэж байлаа.
Монти нохой 6-р сарын 21-ний өдөр 18 сарын турш цусны өвчинтэй тэмцэлдсэний эцэст нас эцэслэжээ. “Хавдар нь дахихад Монтигоо алдах нь гэдгээ мэдэж байсаан. 18 сарын өмнө оношлогдож, химийн эмчилгээгээ сайн хийлгэж байсан юм. Гэвч 8 долоо хоногийн өмнө өвчин нь дахиж, бие нь эрс муудсан. Ууланд гарах дуртай болохоор нь ингээд ч болтугай аялалд дагуулж явлаа. Бие нь муу байсан ч их сэргэж, олон хүмүүсийн анхааралд баясаж байсан” хэмээн Карлос дурсан өгүүлжээ.
Тэдэнтэй таарсан танихгүй хүмүүс нохойг түрж өгөхийг хүсэж, эцсийн аяллынх нь тухай дуулаад нулимс унагацгааж байлаа.
“Хэзээ ч шүүмжилж буруутгадаггүй, ирэх бүрт хүлээгээд л байж байдаг, хэцүү цагт сэтгэл тайтгаруулдаг бяцхан найз минь баяртай. Чи минь үнэхээр онцгой байсан шүү”.
Эх сурвалж: Good news network