Цаг үеийн мэдээ

Олимпын наадмын нээлт болж байгаа яг энэ цаг мөчид олон улсын олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан мэдээг хүлээн авлаа. 

Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад халуун баяр хүргэж талархал илэрхийлье. 

Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон юм. Та бүхэнд улам их амжилт хүсье.

Хэдхэн хоногийн өмнө мэдээлэл зүйн олимпиадын дүн гарч Монголын багш сурагчид медаль хүртсэн сайхан мэдээг бид та бүхэнд дуулгаж байсан. Тэгвэл тун удахгүй биологийн олон улсын олимпиадын дүн гарах гэж байна. Маргааш химийн олимпиад эхэлнэ. 

Энэ онд Монголын сурагчид олон улсын 5 олимпиадад оролцож байна. Цар тахлын үе тул сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж үндэсний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. 3 олимпиадын дараа буюу одоогийн байдлаар Монгол сурагчид 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 3 тусгай байр эзлээд байна.