Цаг үеийн мэдээ

Өнөөдөр өглөө эрт Японы нийслэл Токио хотод 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн тухай гэрчүүд мэдээлжээ.

Орон нутгийн цагаар өглөөний 5:30 цагт болсон газар хөдлөлтийн дараа цүнами үүсэх эрсдэлгүйг Японы Цаг Уурын хүрээлэн мэдээлжээ. Газар хөдлөлтийн төв нь Ибараки мужийн эргээс 40 км зайтай, далайн гүнд бүртгэгдсэн байна.

Чичиргээ 20 секундээс 3 минут хүртэл хугацаанд үргэлжилсэн тухай Олимпын хотхонд байгаа гэрчүүд мэдээлжээ.

Олимпын байгууламжууд газар хөдлөлтийн эрсдлээс хамгаалагдсан бүтэцтэй баригдсан гэгддэг. Тухайлбал олимпын хотхон цүнамигийн үед 2 метр хүртэл өндөр давалгаанаас хамгаалах далантай байгуулагдсан гэнэ. Японы арлууд нь газар хөдлөлтийн давтамж, галт уулын идэвхжлээрээ алдартай “Галт цагираг” хэмээх Номхон Далайн бүсэд харьяалагддаг.

2011 онд болсон газар хөдлөлт, цүнамигийн үеэр Фүкүшимагийн атомын цахилгаан станц осолдож, 18,500 орчим хүн амиа алдаж байв.

“Зохион байгуулагчдын хувьд вирусийн халдвар нэн тэргүүний сорилт болж байна. Гэхдээ Япон улс олимпыг зохион байгуулж буй тохиолдолд газар хөдлөлтийн аюулыг хэзээ ч мартаж болохгүй” хэмээн Японы гамшгийн эрсдэл судлаач Хиротада Хиросэ наадам эхлэхийн өмнө AFP агентлагт ярьж байжээ.

Таны сурталчилгаа