Цаг үеийн мэдээ

Сэлбийн аман дахь Бэлхийн автобусны эцсийн буудал, шороон замыг засах, буудлыг өргөтгөх хүсэлтийг иргэд удаа дараа Хотын удирдлагуудад тавьж байжээ. Тус бүсэд “Сэлбэ” зусланг сэргээн шинэчлэх, “Гранд маршал” хотхоны бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн цагаас иргэд мөн “Эрхэт Монгол” группт энэ саналаа уламжилж байсан юм. 

Тэгвэл хотын захиргаанаас иргэдийн энэхүү хүсэлтэнд тулгуурлан хувийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай шинэчлэлтийг хийж хэрэгжүүлэх саналыг “Эрхэт Монгол” группд тавьсныг хүлээн авлаа. 

Тодруулбал, 2021 оны 8-р сарын 4-нд Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуцсан орлогч дарга Б.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга З.Төмөртөөмөө,  Нийслэлийн байгаль орчны газрын дарга М.Нямбаяр, Хот байгуулалтын газрын дэд дарга М.Шижирбаяр, Стандарт хэмжилзүйн газар, Нийслэлийн газрын албаны төлөөллүүд оролцсон бүрэлдэхүүн Сүхбаатар дүүрэгт ажиллахдаа “Гранд маршал” дөрвөн улирлын цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцах үеэр энэхүү асуудал шийдэгдсэн юм. 

Хотын захиргааны зүгээс газар чөлөөлөх, төлөвлөлтийн зургийг яаралтай батлах, холбогдох шийдвэрийг шуурхай горимоор гаргах зэргээр “Эрхэт Монгол” групптэй бүх талаар хамтарч ажиллахаа мэдэгдлээ. Мөн нийслэл хотдоо өнгө нэмэх, иргэдийн амьдралын орчныг сайжруулахын төлөөх Хотын даргын санаачилга, үйл хэргийг дэмжиж буй “Эрхэт Монгол” группын удирдлагуудад албаны хүмүүс талархал илэрхийллээ.

Бэлхийн эцсийн автобусны буудлыг шинэчлэх ажил ирэх 7 хоногт эхлэх бөгөөд эхний ээлжинд 1.5 тэрбум төгрөгийн төсөв гаргана гэдгээ “Эрхэт Монгол” группын ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр мэдэгдсэн юм.

Таны сурталчилгаа