Цаг үеийн мэдээ

2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан 6 сард НЭМҮТ-д ажиллахдаа үйл ажиллагааг нь сэргээж, бүх талын дэмжлэг үзүүлснээр Биобэлдмэлийн үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлж,  био бэлдмэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсэн. 

Тэгвэл өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд  “Биобэлдмэлийн үйлдвэр” дотооддоо вирусийн эсрэг иммуноглобулин үйлдвэрлэхээр болжээ. 

Өнөөдөр НЭМҮТ-ийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрт хүний дархлааг бүх талаар сэргээх, вируст хепатит, томуу, томуу төст өвчин, улаанбурхан, стафилакокт, менингококт зэрэг нянгийн гаралтай өвчлөл болон Короновируст халдвар /КОВИД19/-аас урьдчилсан сэргийлэх болон эмчилгээнд булчинд тарьж хэрэглэх иммунноглобулиныг гарган авч туршилтаар хэрэглэж байгаа тухай  мэдээллийг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Б.Ичинхорлоо нар Шадар сайдад хүргэлээ. 

“Хүний хэвийн Иммуноглобулин” нэртэй үйлдвэрлэх тус бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлсэн тохиолдолд Биобэлдмэлийн үйлдвэр нь хэвийн 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэх боломжтой аж. 

Иммуноглобулин хэмээх уургийн бэлдмэлийг ковидоор өвдсөн  хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар хийхэд халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэгийг ДЭМБ-аас баталсан юм. 

Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг өмнө нь халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан арвин туршлагатай. 

Тиймээс дээрх туршлагад тулгуурлан монгол хүний биеийн онцлогт тохируулан шинээр үйлдвэрлэн эмчилгээнд хэрэглэхээр бэлтгэж буй “Хүний хэвийн Иммуноглобулин” нь Ковид-19 халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар хүндэрч нас барахаас сэргийлэн, хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ Вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээх боломжтойг судлаачид онцолж байна. 

Мөн бага зардлаар үйлдвэрлэх дээрх бэлдмэл нь адил төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас өндөр үнээр худалдан авах зардлыг бууруулан, гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгах боломжтой аж.

Таны сурталчилгаа