Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн гэр хорооллын дунд “Уулын Нуур” хэмээх цэцэрлэгт хүрээлэн байдаг. Уг хүрээлэнг С.Өлзийтогтох хэмээх залуу 10 жилийн өмнө Солонгос улсад ажиллаад, эргэж ирэхдээ, хуримтлуулсан мөнгөөрөө нуурын хогийг цэвэрлэн, тохижуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Нуурыг зорьж ирэх хүүхдүүд ихэвчлэн дараах 2 зорилгоор ирдэг. Зуны цагт завинд сууж тоглохоор, өвлийн улиралд мөсөн дээр гулгахаар ирдэг болсон байна. Өнгөрсөн хавар Уулын нуур орчмыг урлагийн бүтээлүүдээр тохижуулах “Ногоонбаатар” төсөл хэрэгжсэн нь ихээхэн үр дүнгээ өгч, ойр орчмын иргэдийн хандлага нь сайнаар өөрчлөгджээ. Энд өмнө нь нуурын ойр орчимд архи уух, хогоо хаях үзэгдэл харагддаг байсан бол одоо энэ үзэгдэл давтагдахаа больсон гэж уулын нуурын эзэн ярьлаа. Өлзийтогтох урлагт маш дуртай учраас олон улсын болон дотоодын уран бүтээлчдэд зориулсан “Гэр” урланг байгуулж эхлээд байгаа бөгөөд 9 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Дашрамд дурдахад уран бүтээл хийхийг хүссэн хүн бүрийг уулын нуурын урландаа урьж байгаа ажээ.

"Уулын нуур" хүрээлэнгийн үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох : "Хүмүүст энэ газрын хамгийн их таалагддаг зүйл бол урд өмнө нь хогийн цэг, ширгэсэн нуур байсан гэдгээрээ их сонирхолтой санагддаг. Миний хийсэн хамгийн гол ажил маань хүмүүсийн ил задгай хаясан хогийг цэвэрлээд, орчныг нь сайжруулах ажлыг хийсэн. Түүний дараа нэгэнт цэвэрхэн болсон нуур нь аажмаар борооны усаар тэжээгдэн сэргээд эхэлсэн. Нуур бий болохоор мод ургамал тарих боломж бүгд нээгдсэн. Өвөл нь нуурын мөсөн дээр хүүхдүүд ирж гулгаж боломжтой болсон. Зуны цагт завиар тоглох боломжтой болсон. Өвөл бол давхардсан тоогоор 9-10 мянга орчим хүүхдүүд ирж тоглодог. Манай энэ ойр орчимд мөсөн гулгуурын талбай байхгүй. Зөвхөн манайх л байдаг. Зун бол завиар тоглуулахдаа бид маш хямд үнээр тоглуулдаг. Хүүхэд, том хүн гэж ангилахгүй. Үнийг дураараа нэмдэггүй учраас санхүүгийн хувьд ачаалал болдоггүй. Гэх мэт давуу талууд манайд их байдаг. Бид нийгэм рүү чиглэсэн сайн сайхан зүйл бүтээх, хүүхэд залууст үлгэр дуурайлал үзүүлэхийн тулд энэ ажлыг хийж байгаа"

Ногоонбаатар төслийн зураач Р.Чинзориг: "Энэхүү төслийн гол зорилго нь уран зураг гэдэг бол зөвхөн зотон дээр зураад, галерейд байрлуулж иргэдэд үзүүлдэггүй юм гэх ойлголтыг иргэдэд ойлгуулахыг хүссэн. Харин тэдний дэргэд, гэрийнх үүдэнд, тоглодог, явдаг гудамж талбайд нь байж болдог гэх санааг өгөхийг зорилго болгосон. Мөн урлагаар дамжуулж, Улаанбаатар хотоо ногоон, хүнд ээлтэй хот болгож болно гэх сэдлийг өгье гэсэн зорилготойгоор төсөл маань хэрэгжсэн. Энэ төсөлд оролцсон уран бүтээлчид маань орчин үеийн урлагаар илүү их бүтээлээ туурвидаг хүмүүс нэгдсэн байгаа. Тэд паблик арт чиглэлээр энэ төсөлд оролцож нуурын орчимд уран зураг, баримал, инстоляц, стрийт арт гэх мэт олон төрлөөр бүтээлээ хийсэн" 

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

Таны сурталчилгаа