Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Олон Улсын Аавуудын өдрийг тохиолдуулан хугацаат цэргийн алба хаах хугацаандаа аав болсон дайчдыг ар гэртэй нь уулзуулж, гэнэтийн бэлэг барилаа.
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байлдагч Н.Дашчойлонг эхнэр хүүтэй нь биечлэн уулзуулсан бол, 186 ангийн байлдагч Б.Тэлмэнг цахимаар уулзууллаа.
Уулзалтын үеэр Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Бямбасүрэн ”Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эр цэргийн албаа нэр төртэй хааж, үеийнхэндээ үлгэр дуурайлал болсон та бүхэндээ Аавуудын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсье” гээд ар гэрт нь хүнсний багц олгож, дурсгалын зүйл хадгалууллаа.
Байлдагчид маань хоёулаа дүүргийн 17 дугаар хорооны иргэн бөгөөд 2020 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдан гэргий нар нь хөл хүндтэй үлдсэн юм.
Байлдагч Н.Дашчойлон : "Дэлхийн аавуудын баярын өдрийг тохиолдуулан эхнэр, охин хоёрыг маань уулзуулсанд маш их баярлалаа. Юу ч мэдээгүй, ирнэ гэж хэлээгүй үнэхээр гэнэтийн бэлэг байлаа. Ковидтой байхад охиноо харж, уулзаж чадахгүй нь дээ гэж бодож байтал хүрээд ирлээ. Миний сэтгэл маш өндөр, яг юу гэж хэлэхээ мэдэхгүй үнэхээр баяртай, аз жаргалтай байна гэсэн бол Б.Тэлмэн “Үнэхээр их баяртай байна, цэргийн албанд татагдаад хорьхон хоноод шинэ төрсөн охиныхоо зураг, захиаг хүлээн авч байлаа. Гэр бүлдээ маш их хайртай, Харих хоног минь ойртсоор охин дээрээ очих өдрийг тэсэн ядан хүлээж байна. Албаа нэр төртэй хаагаад гэр бүлдээ очно" гэлээ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар