Цаг үеийн мэдээ

Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах ажил үйлс нь Засгийн газар түүний харьяа Хууль зүй, дотоод хэргийн яамны хүлээсэн нэгэн чухал үүрэг билээ. Хуульзүй, дотоод хэргийн яам энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Монголын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”-ийг бүтээлгэх ажлыг санаачлан өнгөрсөн нэг жилийн туршид зохион байгуулж, анхны хэвлэлтийг нь нийтийн хүртээл болголоо.

Энэхүү нэвтэрхий толь бичигт нийтийн (үндсэн хуулийн, захиргааны, санхүүгийн, эрүүгийн, экологийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа) ба хувийн (иргэний, хөдөлмөрийн, гэр бүлийн), мөн олон улсын нийтийн ба хувийн гэх мэт бүх салбар эрх зүйн тайлбарууд багтсан. Түүнчлэн дэлхийн болон монголын төр, эрх зүйн онол, түүх ба криминологи, шүүхийн шинжилгээ зэрэг хууль зүйн хэрэглээний (хавсарга) судлагдахууны нийт 2200 гаруй шинжлэх ухааны тайлбар өгүүллийг багтаав. Тус толь бичигт багтаасан ухагдахууны толгой нэр томъёог англи хэлнээ оноосон нь монголын хууль тогтоомжийн нэр томъёог дэлхий нийтийн хууль зүйн нэр томъёотой жигдрүүлэх, зөв хөрвүүлэх, өвөрмөц онцлог байдлаа тусган илэрхийлэхэд чиглэгдсэн.

Нэвтэрхий толь бичгийн зохиогчоор академич, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл ажилласан. Харин хянан тохиолдуулагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажилласан бөгөөд тэрээр өмнөх үгэндээ эл нэвтэрхий толь бичгийн ач холбогдлыг үнэлж “Эрхэм Таны гарт очиж буй хууль зүйн энэхүү нэвтэрхий толь бичиг өдөр тутмын хэрэглээний, танин мэдэхүйн, шинжлэл судлалын, боловсрол сургалтын ажил үйлсэд тань тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй. Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг өргөн олон уншигчдад зориулагдсан. Нэг талаар эрх зүйг бүтээж хөгжүүлж байгаа, нөгөө талаар түүнийг хэрэглэж байгаа хэн бүхний хүртээл болгохыг зорьсон” гэдийг онцлон тэмдэглэсэн юм.

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн яам үүсэж хөгжсөний 110 жилийн ойгоо угтаж “Монгол Улсын хууль зүйн анхны нэвтэрхий толь бичиг”-ээ нийтийн хүртээл болж байгааг дуулгахад таатай байна.

 

Таны сурталчилгаа