Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомстолд орно гэсэн судалгаа байдаг. Үүнээс урьтаж бид ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар усаа хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Иймээс нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаад багагүй хугацааг өнгөрч буй. Тэгвэл тус Ажлын хэсгийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаа. Хуралдааныг тус газрын дарга Л.Тулгабаатар удирдан явуулж, холбогдох чиг үүргийн яам, агентлагийн төлөөллүүд оролцон, саналаа тусгасан юм. Хурлаар салбарын хууль тогтоомж, стандарт, шинэчлэн боловсруулах баримт бичгийн талаар хэлэлцэв.

Энэ ажлын хүрээнд цаашид шинээр төлөвлөж байгаа орон сууцны хороолол болон инженерийн хангамж бүхий барилга байгууламжийн ундны усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас салгах чиглэл баримтлан ажиллана. Мөн ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэршүүлэн бохирын систем болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх шийдлийг судлах, ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайбал, ухаалаг тоолуурыг нэвтрүүлснээр тоолуурын өөрийн цахилгааны хэрэглээг 20-50 хувь хэмнэх, хэрэглэгчид усны хэрэглээгээ гар утаснаасаа хянах, усны зохистой хэрэглээг бий болгох зэрэг давуу талууд нээгдэх юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 120 мянган орчим механик тоолуур бүртгэгдсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Таны сурталчилгаа