Цаг үеийн мэдээ

Сонгуулийн ерөнхий хороо,“Тунгаахуй” өгөгдлийн урлан хамтран өнөөдөр (2024.11.13) Сонгуулийн өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн дэлгэлээ.

Сонгууль зохион байгуулах үйл явц болон үр дүнгийн талаарх нээлттэй мэдээлэл, дата өгөгдлийг дүрслэл болгон олон нийтэд ойлгомжтой байдлаар танилцуулах, сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах зорилгоор уг үзэсгэлэнг гаргав.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, үр дүнгийн нээлттэй мэдээлэлд суурилан бүтээсэн 100 орчим өгөгдлийн дүрслэлийн дээжээс энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн юм.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг сонгуулийн өгөгдлийн дүрслэлийн нээлттэй сан болгон хөгжүүлж, Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn сайт болон tungaahui.mn сайтаар мэдээлсэн бөгөөд бүтээлүүдийг чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой.

Сонгуулийн өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төсөл”-ийн дэмжлэгтэйгээр танилцуулж байгаа юм.

Монгол Улсын Их Сургуулийн 80 шахам оюутан болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл үзэсгэлэнтэй танилцаж, мэдээлэл авлаа.

Таны сурталчилгаа