Цаг үеийн мэдээ

Интермед эмнэлэгт гарсан цахим халдлагын талаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа:

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа цахим систем хэрэглэж байгаа байгууллагууд жил бүр үнэлгээгээ хийлгэж байх ёстой. Улс орны тухайд заавал хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэнэ. Бид Оксфордын их сургуультай хамтран эхний судалгааны ажлыг эхэлсэн. Монгол Улс кибер дайн, кибер зөрчил халдлагад бэлэн байна уу, Монгол Улс руу чиглэсэн хортой код, халдлагын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс бид төрийн нууц мэдээлэл байдаг энэ байгууллагууд бэлэн байна уу гэдэг дээр хөндлөнгийн аудитын үнэлгээ хийх гэж байгаа.

-Энэ асуудалд хэнэггүй хандаад байна гэх шүүмжлэл байна...

-Интермед эмнэлэг мэдээлэл хариуцагч байгууллагын хувьд нэг зүйл дээр технологийн алдаа хийчихсэн. Үндсэн вэбсайт, серверээ нэг дор байршуулсан. Кибер зөрчил, халдлагатай тэмцэх нийтийн төвөөс анхааруулга урьдчилан өгч байсан. Ер нь эрүүл мэндийн байгууллагууд бүгдэд нь энэ талын анхааруулгыг өгсөн юм билээ. Тухайн байгууллагууд кибер зөрчил, халдлага хол байна гэж ойлгоод байсан. Аравдугаар сарын 23-нд эхний хортой код нэвтэрсэн юм билээ. Дүгнэлт одоо гарч байна. Яагаад хакердаж байгаа вэ гэхээр тэдгээр хүмүүс файлыг нь барьцаалаад тодорхой хэмжээний төлбөр нэхдэг. Төлбөрөө өгөх юм бол тэр файлаа заавал ил гаргаж тавьдаггүй. Интермед рүү довтолсон багийг судлаад үзэхэд европын хэд хэдэн орны эрүүл мэндийн салбарын маш олон эмнэлэг рүү орсон байсан. Тиймээс Засгийн газар тогтолцоогоо бүрэн сайжруулах тал дээр ярилцсан.

-Хортой код нэвтэрсэн гэхээр хамгаалалтын систем муу байсан гэсэн үг үү?

-Онц чухал мэдээлэл хамгаалж байгаа, дамжуулж байгаа дэд бүтэцтэй энэ байгууллагууд мэдээллийн технологийн мэргэжилтэн гээд зүгээр нэг 2-3 хүн ажилд авчихдаг. Яг кибер аюулгүй байдлын мэргэжлийн хүнийг авдаггүй. Тийм ойлголт харьцангуй сул байгаа учраас ийм төрлийн зөрчил, гэмт хэрэг гарч байна гэж үзэж байна. Тиймээс жил бүр тухайн байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай.

НҮБ-аас гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан боловч техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагаанд хамгийн муу үнэлгээ авч байна. Онц чухал мэдээллийг хадгалдаг байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

Таны сурталчилгаа