Цаг үеийн мэдээ

Интермед эмнэлгээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

Интермед эмнэлэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэж, халдлагад өртсөний улмаас эмнэлгийн систем доголдож, үйлчлүүлэгчдийн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсанд Та бүхнээс гүнээ хүлцэл өчье.

Цахим халдлага гарсан даруйд эмнэлгийн зүгээс халдлагад өртсөн нөхцөл байдал, хамрах хүрээг тодорхойлох, халдлагыг зогсоох, системийн хэвийн ажиллагааг сэргээх ажлуудыг нэн даруй эхлүүлж, хуулийн дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байгаагаас гадна регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн эмчилгээний хариуг харах боломжгүй болгох арга хэмжээ авсан болохыг мэдэгдэж байна. 

Халдлагын улмаас үйлчлүүлэгчдийн эмчилгээний түүх, шинжилгээний хариу зэрэг эмзэг мэдээлэл алдагдсан нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй бөгөөд мэдээллийн нууцлалыг хамгаалахаар Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэргэдэх Цахим халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд мэдэгдэж, хамтран ажиллаж байгаа болно.  

Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан нөхцөл байдлыг ашиг хонжоо хайх, залилан мэхлэх зорилгоор утсанд хортой холбоос явуулах, сүрдүүлгийн чанартай и-мэйл илгээх зэрэг буруугаар ашиглах тохиолдол гарч болзошгүй тул үйлчлүүлэгч Танд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. 

Иймд үйлчлүүлэгч Тантай үл таних дугаараас холбоо барих, утсанд сэжигтэй зурвас ирсэн тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдэгдэх эсвэл Интермед эмнэлгийн [email protected] цахим шуудан болон 7722-8654 шуурхай дугаараар бидэнтэй холбогдон мэдээлэх боломжтойг үүгээр мэдэгдэж байна.

Таны сурталчилгаа