Дээрх хэрэг наймдугаар сарын 14-нд буюу Пакистаны тусгаар тогтнолын өдрөөр болжээ. Гэвч олон хоногийн дараа хэргийн газраас хийсэн дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдэхээс нааш анхаарлын төвд ороогүй байжээ.
Пакистанд тусгаар тогтнолын баярын өдрөөр цэнгэлдэх хүрээлэнд бичлэг хийхээр очсон тиктокчин бүсгүйн биед 400 гаруй эр халдаж, бэлгийн дарамт учруулан, дээрэмдсэн аймшигт хэрэг болжээ. Болсон явдлыг буулгасан дүрс бичлэг цахим орчинд цацагдаж, маш олон хүний бухимдлыг төрүүлсэн тул Пакистаны цагдаа нар хэрэгт холбоотой 400 гаруй эрийг олж, шийтгэхээ амласан байна.
Тухайлбал, өчигдөр/2021.8.18/ Пакистаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хассан Гохан олон нийтийн газар хэдэн зуугаараа нийлж ганц эмэгтэйн биед халдаж, бэлгийн дарамт учруулан эд зүйлсийг нь дээрэмдсэн эрчүүдийг шийтгэн шударга ёс тогтоохын төлөө эрх баригч нар хичээнгүйлэн ажиллаж байгааг мэдэгдэж, “Икбал цэцэрлэгт хүрээлэнд болсон явдал бол маш жигшүүрт гэмт хэрэг. Манай нийгэм үүнээс ичих ч багадна” хэмээжээ.
Уг хэрэг Пакистаны хоёр дахь том хот Лахорын Икбал цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд маш олон эр нэг эмэгтэйн биед халдан, зөвшөөрөлгүй хүрч, илж, тэмтрэн, өргөж, олны дунд оруулж хувцсыг нь урж, зодож, агаарт шидэж, эцэст нь утас, бөгж, мөнгийг нь дээрэмдсэн байна.