Энэ оны зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд Америкийн 400 гаруй эмнэлэгт явуулсан нэг судалгаагаар Moderna вакцины хүндрэлээс сэргийлэх чадвар 95 хувь, Pfizer вакциных 80 хувь, Johnson & Johnson компанийн вакцин 60 хувьтай тогтоогджээ.
Бүх насны өвчтөнүүдийн хувьд вакцинууд дунджаар 86 хувьтай хүндрэлээс сэргийлж байгаа нь харагдсан байна. Харин 75-аас дээш насны өвчтөнүүдийн хувьд үр дүн буурч, 76 хувь болж байжээ.
mRNA технологийн Pfizer, Moderna вакцинууд аль ч тохиолдолд уламжлалт технологитой J&J вакцинаас илүү үр дүнтэй хамгаалдаг нь судалгаанаас харагдсан байна.
Харин Moderna вакцин яагаад Pfizer-аас илүү үр дүнтэй байгааг судлаачид тодорхой тайлбарлаж чадаагүй гэнэ. Үүнд тунгийн хэмжээний зөрүүтэй байдал (100 микрограмм ба 30 микрограмм), эхний болон давтан тунгийн хоорондын зайны ялгаа (дөрвөн долоо хоног болон гурван долоо хоног) нөлөөлж байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
“Судалгаа бүрийн үр дүнгээс вакцины үр нөлөө тодорхой харагдаж байна” гэж АНУ-ын Халдварт Өвчин Судлалын Төвийн захирал Рочел Валенски танилцуулах арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.
Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон даяар вакцинжуулалтыг шуурхайлах шинэ журмаа танилцуулсан юм. Журам ёсоор 100-аас дээш ажилтантай хувийн компанийн ажилтнуудад вакцинжуулалтад заавал хамрагдах, эсвэл долоо хоног бүр шинжилгээ өгөх хатуу шаардлага тавигдах болжээ.
Баасан гарагт АНУ-ын Халдварт Өвчин Судлалын Төвөөс гаргасан гурван тусдаа судалгааны тайланд вакцинууд коронавирусийн Дельта хувилбарын эсрэг үйлчилдэг болохыг батлан харуулжээ.
Тухайлбал вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад өвчний хүндрэх магадлал 10 дахин бага, нас барах магадлал 11 дахин бага болох нь харагдсан байна.
Эх сурвалж: AFP