АНУ-ын эрх баригчид 11 дүгээр сарын 8-наас эхлэн коронавирусний вакцины бүрэн тунг хийлгэсэн гадаадын жуулчдыг нутаг дэвсгэртээ чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ.
Гэхдээ АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, тус улсын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ баталсан эсвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүсийг л саадгүй нэвтрүүлэх аж.
Одоогийн байдлаар ДЭМБ Америкийн “Moderna”, “Pfizer” болон тус компанийн Герман түнш BioNTech, “Johnson & Johnson”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцин, Энэтхэгийн “Covishield” вакцин, Хятадын “Sinovac Biotech”, “Sinopharm” компаниудын вакцин гэсэн долоон вакциныг коронавирусний цар тахалтай тэмцэхэд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Харин Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”, “Pfizer-BioNTech”, “Johnson & Johnson” компаниудын вакциныг бүртгэсэн байна. Тиймээс ОХУ-ын коронавирусний вакцинуудыг тариулсан аялагчид энэ жагсаалтад орохгүй юм.
Reuters.com