Дэлхийн эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор нефтийн үнэ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд байгаатай зэрэгцэн БНСУ-д шатахууны үнэ нэмэгдсээр байна.
Солонгосын Үндэсний нефтийн корпорацийн /KNOC/ мэдээлснээр, өнөөдөр улсын хэмжээнд шатахууны дундаж үнэ литр нь 1724.7 вонд хүрсэн нь 2014 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн нийслэл Сөүл хотод шатахууны үнэ 1800 вон давсныг энэхүү мэдээлэл харуулав.
Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар, дэлхийн эдийн засаг цар тахлын үр дагавраас сэргэж байгаатай зэрэгцэн нефтийн эрэлт өсөж байгаа тул үнэ нь цаашид улам нэмэгдэж магадгүй байна. Мөн Солонгосын мөнгөн дэвсгэртийн ам.доллартой харьцах ханш сул байгаа нь нефтийн бүтээгдэхүүний импортын төлбөр өсөхөд нөлөөлжээ.
БНСУ-ын жишиг Дубайн газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэ болох 82.28 ам.долларт хүрсэн нь есдүгээр сарын дундажаас /72.63 ам.доллар/ өссөн үзүүлэлт болжээ.
“Дэлхийн эдийн засгийн сэргэлт нефтийн эрэлтийг улам нэмэгдүүлэх төлөвтэй байгаа тул үнэ хэсэг хугацаанд өндөр түвшинд байж магадгүй. Гэхдээ эрэлт огцом өсөх магадлал бага байна” гэж “Kiwoom Securities” институцийн шинжээч Шим Су Бин хэлжээ.
Түүнчлэн үнийн өсөлтөөс үүдэн аж ахуй нэгж, энгийн иргэдэд учрах дарамтыг бууруулахын тулд шатахууны татварыг бууруулахыг олон нийт Засгийн газарт уриалах болжээ.
Сануулан дурдахад, 2018 оны 11 дүгээр сард Засгийн газар шатахууны үнэ 1690 вонд хүрсэнтэй холбогдуулан шатахууны татварыг түр хугацаагаар бууруулж байсан юм.