Цаг үеийн мэдээ

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Элит шүүгч боллоо. 

Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн охин Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгийг онцлох нь зүйтэй.

МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчиддээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгч ийнхүү АХБХ-ны элит зэрэглэлийн шүүгчдийн өндөр шалгуурт тэнцсэнээр Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монгол шүүгч нэгдлээ.

Таны сурталчилгаа