Дархан хотын 60 жилийн ойн өдөр буюу аравдугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн “Хүүхдийн төмөр зам” өдөр бүр 11:00 -18:00 цагийн хооронд аялж байна.
20 гаруй хоногийн хугацаанд нийт 250 тойрог замын аялал хийж, нийт 16000 хүүхдэд үйлчилсэн байна.
Нийт 2.3 км замыг 15-20 минутад туулж зорчигчдоо буулгах, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал хийснээр дараагийн аялал эхэлдэг гэж “Хүүхдийн төмөр замын” сургагч машинч Д.Эрдэнэсайхан мэдээлэв.
Түүнчлэн ЕБ-ын 18 дугаар сургуульд төмөр замын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, төмөр замын мэргэжилд сонирхолтой хүүхэд багачуудыг бэлтгэх тусгай гурван анги бий.
Хамтын ажиллагаатай тус сургуулийн тусгай ангийн сурагчид суудлын галт тэрэгний үйлчлэгч, машинч, зам ангийн ажилтан, өртөөний жижүүр зэрэг өөрсдийн сонирхсон мэргэжлийнхээ дагуу дадлага, сургууль хийдэг аж.
Хүүхдийн төмөр зам нь Монголдоо хамгийн нарийн царигтай буюу 750 мм ажээ. Зөвхөн хүүхэд, багачуудад зориулсан хамгийн нарийн царигтай учраас өндөр хурдаар явах боломжгүй гэдгийг сургагч машинч онцолж байлаа.
Үндсэн зогсоол болох Бурхант өртөөнөөс хөдлөн Бумбардай, Сараана, Сүмбэн өртөөгөөр дамжин аялж байна.
Дашрамд, цаг тутамд аялах хуваарьтай ч албан байгууллага, сургууль, цэцэрлэг хамт олны галт тэргээр аялах захиалга авч цаг бүрийн 30 минутад тусгай аяллыг хийдэг болжээ.
Одоогоор аймгийн ИТХ үнийн тарифыг тогтоогоогүй бөгөөд дунджаар хүүхэд 3500 төгрөг, том хүн 5000 төгрөгөөр аялах боломжтой гэсэн урьдчилсан мэдээллийг төслийн удирдагч Ч.Мөнхбат хэлж байлаа.