Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд : Цар тахлын нөхцөл байдал хүнд үед залуу бөхчүүдийн амжилт хөдөлмөрийг үнэлэх, тэднийг дэмжин ажиллах хүрээнд зохих байгууллагуудаас зөвшөөрөл аван амжилт гаргасан бөхчүүдийг аймгийн цолны эрэмбэд оруулахаар тооцож, аймгуудад 128 бөхийн барилдааныг зохион байгуулах саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос аймаг, орон нутгийн бөхийн салбар холбоодод хүргүүлсэн. Үүний дагуу аймгууд барилдаанаа зохион байгуулаад дуусаж байна.
Засгийн газрын шийдвэрээр тэмцээн уралдаан үзэгчийн 50% дүүргэлттэйгээр зохион байгуулагдаж байгаа энэ үед зарим сумд сумын цол олгох барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа нь олон хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэхээр байна. Ялангуяа сумын цол олгох барилдааныг бүрдүүлэгч гол төлөөлөл болох залуу бөхчүүд хөдөлмөр эрхлэлт, хичээл сургууль зэргээс шалтгаалан сум орон нутагтаа очиж оролцох боломжгүй энэ үед уг барилдааныг зохион байгуулбал оноолт, эрэмбийг хянах боломжгүй, нөгөөтээгүүр монгол бөхийн нэр хүндийг унагах элдэв үйлдэл, будлиан маргаан гарах магадлалтай гэж үзэж байна.
Иймд МҮБХ-оос өвлийн улиралд сумын цол олгох барилдааныг явуулах нь цаг хугацааны хувьд тохиромжгүй гэж үзэн, сумд сумын цол олгох барилдааныг зохион байгуулбал амжилтыг эрэмбэд тооцохгүйг мэдэгдье" гэжээ.