МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очирын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа. Шагналыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал нар гардуулж өгөв.
Энэ үеэр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Пүрэв-Очир бид хоёр нэгнийгээ эртнээс мэднэ. Пүрэв-Очир маань улсын цолтой мундаг бөхөөс гадна олон сайн шавь нар төрүүлэн гаргасан гавьяат дасгалжуулагч. Нэгэн үе БТСУХ-г удирдаж байлаа. Энэ үедээ спортын салбарын хуулийг боловсруулж батлуулсан нь түүний хамгийн том гавьяа. Хуультай болсноор Монголын спорт цэцэглэн хөгжих үндэс суурь тавигдсан юм.
Мөн олон жилийн турш МҮОХ-ны гишүүн байсан. Гүйцэтгэх зөвлөлд байхдаа арын албаны маш олон ажлыг амжуулдаг байлаа. Ийм сайхан хүндтэй хүндээ эрхэм дээд шагналаа гардуулах болсондоо баяртай байна” гэв.