Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо.
Энэ үеэр Улсын харцага цол хүртсэн Ш.Пүрэвгарьд өөрийн сэтгэгдэлийг илэрхийллээ.
Тэрээр: "Өнөөдөр би харцага цолоо авлаа. Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор 6-ийн даваанд хориотой бодис хэрэглэсэн бөхтэй барилдаж унасан. Ер нь л хориотой бодис нь бөхчүүдийн оноолт, эрэмбэ, даваанд сөргөөр нөлөөлж байгаа. Допинг хэрэглэсэн бөхөд унасан бөхчүүдийн цаана багадаа 10 жилийн хөдөлмөр байгаа. Монгол Үндэсний бөхийн холбоо энэ асуудалд хатуу арга хэмжээ аваасай, хатуу тэмцээсэй гэж хүсэж байна. Хэрвээ би допингтой бөхтэй таараагүй бол дараагийн даваанд ямар бөхтэй тааралдаж, үүнээс илүү амжилт гаргах боломж байсан.
Ер нь бол баяр наадмын үеэр явцын дунд допингийн шинжилгээ авах хэрэгтэй байна" гэлээ.