Цаг үеийн мэдээ

Үндэсний бөх бол Монгол түмний үнэт өв, түүхэн соёлуудын нэг билээ. Тиймдээ ч Үндэсний их баяр наадам, Монгол бахархалын өдөр, Цагаан сар гэх мэт улсын их баяруудаар монгол эрийн хийморь хэмээн чансаа өндөр хүчит бөхийн барилдаануудыг хийсээр ирсэн. 

Эрт дээр үеэс л эр хүний бахархал болж ирсэн үнэт өвөө бөхчүүд өөрсдөө зүгээр л нэг малгайн дээр гялалзах хоосон тэмдэг болгон хувиргаж байна.

Үүний нэг жишээ бол допингийн хэрэглээ. Допинг нь хүч тамираа нэмэгдүүлэхийн тулд уудаг хориотой эм, ургамлын нэр юм. Энэ төрлийн бодис нь булчингийн масс нэмж хүч тамир оруулж цуцаахгүй байх үйлчилгээтэй байдаг.

2002 оноос эхлэн бөхчүүдээс допингын шинжилгээ авдаг болсон. Энэ хугацаанд нийт 23 бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдож байв. Үүний дотор аварга, арслан, гарьд, заан, харцага, начин болон аймгийн цолтой бөхчүүд ч багтдаг.

2017 oнд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүд допингийн төрлийн хориотой бэлдмэл хэрэглэсэн.

Бөхчүүдэд ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй, их л сайндаа барилдах эрхийг нь 6-24 сараар хасдаг байснаас болж хориотой бодисын хэрэглээ арилаагүй. 

2019 оны Үндэсний их баяр наадамд түрүү бөх болсон Э.Оюунболд, тав давж шөвгөрсөн улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрч байв. Энэ явдал нь маш олон бөхчүүдийн олон жилийн хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн.

Допингийн төрлийн бодис хэрэглэсэн тамирчны ходоод цоорох, гавлын яс нь чулуужих дотоод эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдах зэргээр бие махбодид нь нөлөөлдөг. Гэвч одоог хүртэл идэр, залуу бөхчүүд хориотой эм, ургамалыг хэрэглэсээр байгаа нь харамсалтай юм.

Энэ онд болсон "Үндэсний бөх-Үнэт өв" 512 хүчит бөхийн барилдааны 4 бөхөөс допинг илэрсний дунд Э.Оюунболдын нэр дахин орсон.

Түүний улсын аварга цолыг нь хураасан ч түүнд унасан бөхчүүд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. 

Үндэсний их баяр наадмын үеэр түүнд унасан Н.Батсуурьт Монгол Улсын даян аварга, Улсын арслан Д.Анарт Улсын заан цолыг өнөөдөр /2021 оны 11 сарын 18/ хүртээв. 

Энэ үеэр улсын заан Д.Анар: "Монгол улсын заан гэх эрхэм хүндэт цолонд хүрсэндээ би баяртай байна. Миний бие сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан байна. Хүч хөдөлмөр, 10 гаран жилийн өдөр болгоны ачаалалтай бэлтгэл, зардлуудаа үнэгүйдүүлж байгаад харамсаж байна. Намайг гэдэг маш олон хүн байдаг. Тэр хүмүүсийн итгэл сэтгэлд хүрч чадаагүйдээ харамсаж байна" хэмээжээ.

Цол чимэг түүнийг дагаж ирэх бэлэг, мөнгөнөөс болж өөрийгөө хохироож, өөр бусдын хөдөлмөрийг үнэ цэнэгүй болгож, Монгол бөхийнхөө нэр хүндийг уландаа гишгэхгүй байвал сайхан юмсан...

 

 

Таны сурталчилгаа