Монголын ард түмэн анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдөр Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Их дуулга тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Будапешт-2021 насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медалийн төлөө Францын Валид Хярыг мордох мэхээр цэвэр ялж, Гранд Слам ангилалаас ээлжит медалиа хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн -52 кг-д Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой Мароккогийн Соумия Ираоуйтай барилдаж хөмрөх мэхээр цэвэр яллаа. Түүнчлэн -57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Их Британы Аселъя Топрактай барилдсан бөгөөд өрсөлдөгч нь хориотой мэх хийснээр манай тамирчинд ялалтыг өгсөн. Ингэснээр манай улс “Абу Даби-2021” Гранд Сламын эхний өдөр 3 хүрэл медальтай 41 орноос 8-дугаар байрт бичигдэж байна.