“Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр манай хүнд жингийн жүдочид өрсөлдөж, Хил хамгаалах ерөнхий газар Хилчин спорт хороо, Женко клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд Узбекистаны Шохрух Мамарасуловыг 3:08 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө энэ оны Загребийн Гран Пригийн хүрэл медальт Финландын Мартти Пуумалайнентэй барилдаж яллаа. Манай бөх эхлээд вазари үнэлгээ алдсан ч учраагаа цэвэр буулгасан юм. Улмаар хагас шигшээд Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт Украйны Евгений Балевскитэй барилдлаа. Энэ хоёр 2019 оны залуучуудын ДАШТ-ий эхний тойрогт учраа таарахад украйн жүдоч манай бөхийг ялж байв. Харин энэ удаад О.Цэцэнцэнгэл хөмрөх мэхээр вазари үнэлгээ авч барилдааныг тэргүүлж эхэлсэн бөгөөд өрсөлдөгч нь бэртэл авснаар манай бөх аваргын төлөө шалгаран үлдлээ. Тэрбээр финалд Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескутай барилдаж, хэн нь Их дуулгын анхны түрүүгээ авахаа үзнэ. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Батлан хамгаалах ерөнхий газрын харьяат Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Тэрбээр хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Анжела Гаспаръяныг ялаад хагас шигшээд энэ оны ДАШТ-ий хүрэл медальт Бразилийн Бетриз Соузад цэвэр ялагдлаа. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө энэ оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймитэй хүч үзнэ. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 21:00 цагт эхлэх бөгөөд SPS FIGHT сувгаар болон доорх линкээр үзэх боломжтой.