Цаг үеийн мэдээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 60-aас дээш насныхан болон архаг хууч өвчтэй хүмүүст хэрвээ вакцинжуулалтад хамрагдаагүй бол гадаадад аялахгүй байхыг зөвлөжээ.

Тус байгууллага жуулчдад зориулж гаргасан өмнөх зөвлөмждөө дээрх бүлгийн хүмүүст вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс нь үл хамааран гадаадад аялахгүй байхыг анхааруулж байв.

Харин шинэ зөвлөмждөө “зөвхөн вакцинжуулалтад хамрагдаагүй бол” гэж шаардлагаа сулруулсан байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусийн шинэ хувилбар Омикрон илэрсний дараа дэлхийн олон орон тус улсаас ирэх зорчигчдод агаарын хилээ хаагаад байгаа.

Харин ДЭМБ ийм хатуу хориг арга хэмжээ авахгүй байхыг улс орнуудад уриалж байгаа юм.

“Аялал жуулчлалыг бүрэн хориглох нь вирус олон улсад тархахаас сэргийлж чадахгүй. Харин хүмүүсийн аж амьдралд хүнд дарамт саад учруулах сөрөг нөлөөтэй” гэж ДЭМБ мэдэгдэж байв.

Мөн цар тахлын үед вирусийн шинэ хувилбарын тухай судалгааны материал, мэдээллээ нээлттэй хуваалцах улс орнуудын хүсэл эрмэлзлийг мохоох аюултайг анхааруулжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхийн улс орнууд Африк тивийн өмнөд бүсийн орнуудыг ялгаварлан гадуурхах арга хэмжээ авч буйд санаа зовж байгаагаа илэрхийлээд “Вакцинжуулалтын хувь хэмжээ бага байгаа нь Африкийн ард иргэдийн буруу биш” гэж мэдэгдсэн байна.

Омикрон хувилбарын хор нөлөө тодорхой болоогүй байгаа энэ үед “ухаалаг, тэнцвэртэй” хариу арга хэмжээ авахыг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус гишүүн улсууддаа бас анхааруулжээ.

 

Таны сурталчилгаа