Ливан улсын Бейрут хотноо болж буй жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дүнгээ гаргана. Энэхүү тэмцээний өсвөр үеийн ангилалд манай улсаас 7 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 10 тамирчин оролцож 1 алт хоёр хүрэл медаль хүртжээ. Охидын -57 кг-ын жинд Сонгино хайрхан дүүргийн спорт хороо, "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин О.Оюунчимэг алт, +70 кг-д Хан-Уул дүүрэг "Женко" клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 55 кг-д Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Б.Жанцандорж хүрэл медаль хүртлээ. Харин өчигдөр буюу залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Чингэлтэй дүүргийн спорт хорооны тамирчин Э.Хүслэн цорын ганц хүрэл медалийг авчээ.