Цаг үеийн мэдээ

Зөгий.мн сайтын сэтгүүлч МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар товч ярилцсаныг хүргэж байна. 

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны Тэргүүлэгчид хуралдаж гаргав уу? 

Тийм. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн 5, 6-р сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл 4 жил, давтан бол 8 жил эрх хасна гэж заасны дагуу шийдвэрлэсэн. 

Таныг цахим орчинд улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид түүнийг хэлмэгдүүлж байна, мөн захиалгаар ийм шийтгэл ноогдуулж байна гэсэн шүүмжлэл их яригдаж байгаа талаар тодруулна уу? 

Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж. Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй. Харин Монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй. Энэ нь аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл хир, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй. Одоо олон зуун залуучууд бөхийн бэлтгэлээс гадна давхар ажил хөдөлмөр эрхлээд бөх болохоор зорьж байна. Эд нарын хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой. Тохиолдлоор нэг хүн 2 удаагийн үйлдэлтэй болсон нь сенсаац үүсгээд байна уу? Надад ч бусад олон бөхөд ч энэ 4 залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө ч хохироож бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргав. Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, Хан хэнтий аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв. 

Улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид бухимдаад байгаа нь адилхан допинг хэрэглэсэн аварга Н.Батсуурь даян аварга цол аваад мөн барилдах эрхээ 11 сараар хасуулсан, харин нөгөө бөх нь 8 жил хасууллаа гэдэгт байх шиг байна? 

-Бухимдаад байгаа нөхөд нь бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр болсон. 11 сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуу. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс, төрийн хэсэг албан хаагчид оролцоод харилцан адилгүй шийдвэр гаргахаар бухимдагсадыг бий болгоод байгаа нь эргээд Төрийн болон өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай байх шиг.

Бөхийн холбоо бас таныг Э.Оюунболдод 8 жилийн хариуцлага тооцож байгаа бол шударга ёсыг үргэлжлүүлээд 2009-2019 оны хооронд допингийн зөрчил гаргасан 38 бөхийн нэрсийг зарла гээд шаардаад байна? 

Бас дэмжигчид нь шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны 1-р сараас 2021 оны 5 сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар 6 удаа хандсан. МҮБХ-оос Нийслэлийн прокурорын газарт "АТГазраас 38-н бөхийн талаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан хэргийг яагаад хэрэгсэхгүй болгов оо? Хариу өгнө үү?" гэхээр "Хэрэг хаагдсан танай МҮБХолбоо энэ хэргийн оролцогч биш учраас хариу өгөх боломжгүй! гэсэн хариу өгсөн. Ингээд МҮБХолбооны зүгээс бөх сонирхогч олон түмэндээ тайлбарлаад хэлье гэхээр болохгүй болчихож байгаа юм шүү! Үүнийг л ойлгох хэрэгтэй байна. 

Барьц сонгоог халсанаар олон өөрчлөлт гарч байна энэ талаар? 

Бөхчүүд бэлтгэл нь өөрчлөгдсөн тул их жин хэрэггүй, мөн мэх давтах, ажиллах чадвараа дээшлүүлэх барилдааны бэлтгэлээ түлхүү хийж байгаа байх. Сүүлийн барилдаануудын нийт үргэлжлэх хугацаа 1-2 цагаар багассан, харьцангуй жин багатай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байгаа нь анзаарагдаж л байна. Харин 2 бөх хаялцахгүй удвал яах вэ гэдэг асуудалд хөлийн цэцүүд маань их үүрэгтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Үүнийг дахин дүрмэндээ нэг бүрчлэн зааж цэцийн шаардлага биелүүлэхгүй ухрах, барьц өгөхгүй байх, элэг бүсээ зориуд тайлж амарч зогсох, эмч рүү хоёроос дээш удаа явах зэргийг харгалзан эдгээр үйлдлүүдийг гаргасан бөхийг хасах гэдэг нэг талдаа хүчээр ч гэх юм уу барилдааны үр дүнг шийдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Төгс зүйл гэж байхгүй. 

Допингийн явцын шинжилгээ авах асуудал яригдсан. Энэ талаар тодруулна уу? 

Спортын холбоод тэмцээн уралдаан, бэлтгэлийн үед явцын шинжилгээ авдаг, зөрчил гарвал хариуцлага тооцдог журамтай. МҮБХ ч ялгаагүй 2017, 2018 онуудад нийт 42 бөхөөс шинжилгээ авсан байсан. Үүнээс 7 бөх, мөн чөлөөт бөхийн холбооноос тэмцээний үед 21 бөхөөс шинжилгээ авснаас үндэсний бөхийн 2 бөх зөрчил гаргаж хариуцлага тооцогдсон. МҮБХ 2 жилээр, чөлөөт бөхийн холбоо 1 жилээр эрх хассан. Допингийг багасгах, арилгах ажилд явцын шинжилгээ үр дүнгээ өгөх нь тодорхой тул барилдааны дүрэмд заасаны дагуу дэвжээдийг татан оролцуулж шинжилгээг авна.

Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээний хариуг их удаадаг асуудалд бас л бөхийн холбоог буруутгадаг. Энэ талаар тодруулаач? 

Допингийн эсрэг байгууллага бас ТББ. Тэд допингтой тэмцэх, сургалт семинар таниулга хийх зэрэг төлөвлөсөн ажилдаа төсвөөс багагүй хэмжээний мөнгө болох 450 гаруй сая төгрөг жилд авдаг мэдээллийг өчигдөр гаргасан байсан. Наадмын бөхийн барилдааны шинжилгээний төлбөрийг төсвөөс, бусад барилдаанд бөхийн холбоо шинжилгээний төлбөрийг хандив, өөрийн орлогоос гаргаж шинжлүүлдэг. Төлбөрөө төлсөн тул шинжилгээний хариуг бид хурдан гаргуулж авах зүй ёсны шаардлагыг тавьдаг. Харамсалтай нь тэд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилж байна л гэдэг. Холбогдох хууль, хяналтын газрууд энэ байгууллагын мөнгө санхүү, ажиллагсдыг олон шалгасан гэдэг. Тэд яаж шалгадаг, хоорондоо ямар харилцаа үүсгэдэгийг бид мэдэх аргагүй. Шалгалтын үр дүн ямар байгааг бас мэдэхгүй. Харин одоо 12-р сарын 11-ний өдөр 11 цагаас МҮБХолбоо, БТСУХороо, Допингийн эсрэг байгууллагын дарга удирдлагууд ирж уулзалт, сургалт семинарыг багш дасгалжуулагчид, бөхчүүдэд нээлттэй хийхээр төлөвлөсөн байгаа. Олон асуултны хариуг энэ уулзалтаар авч болох байх гэж бодож байна. 

Баяр наадмын тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хуульд зайлшгүй орох заалтуудаа оруулах боломж хир байна? 

Хуулийн төсөлд 4, бас 5-р сард саналуудаа хүргүүлсэн боловч хууль батлагдаж амжаагүй. Цаг үеийн нөхцөл байдал, гэнэт тархдаг энэ цар тахлын давагдашгүй хүчин зүйл зэрэг асуудлууд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул ХЗДХЯам руу дахин санал хүргүүлж байгаа. Үүнийг маань хүлээн авч нягт нямбай сайн хууль гаргаасай гэж хүсч байгаа. 

Энэ жил наадам хийхгүй гэж Засгийн газар шийдвэрлэсэн ч бүх аймгууд цол олгох наадмын бөхийн барилдаанаа хийж Засаг дарга нар бүгд захирамжаа гаргаад аймгийн цол чимгээ өгчихлөө. Одоо сумд бөхийн цол олгох барилдаануудаа хийж байна. Энэ талаар тодруулаач? 

Монгол хүний өөрсдийгөө бусдаас ялгагддаг гэж үздэг цөөхөн зүйлийн нэг нь үндэсний баяр наадам, цагаан сар. Энэ баярууд мөн бидний Их хааны байгуулсан гүрэн улсын мандан бадарч байсан түүх нь байхгүй бол бид одоо байгаа байдлаараа хэцүүхэн үндэстэнгээр тодорхойлогдоно. Харин наадам, цагаан сараар үндэсний хувцасаа өмсөж хаана ч байхгүй эрийн гурван наадмаа хийж, уртын дуугаа дуулдаг, сонсдог болохоор бид тусгаар улс гэдгээрээ бахархаж, түүнийгээ тунхаглаж, ард олон нь ч энэ хоёрхон өдөртөө аз жаргалтай бусдад харагддаг, бид өөрсдөө ч үүнийгээ мэдэрдэг. Энэ жил зун цагтаа агаар салхитай задгай талбайд сум, аймгийн бүр улсын наадмыг нэг зэрэг хоёрхон өдөр хөл хөдөлгөөн багатай зохион байгуулчихад бүх талаар буруудахгүй байсан. Хориглосон, хүчилсэн зүйлийн эсрэг үр дүн нь уг зүйлээсээ илүүтэй гардаг нь ганц бидэнд биш хүн төрөлхтөнд нийтлэг тохиолддог зүйл. Бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй байгууллага. Аймгууд наадамтайгаа ижил чансаатай бас маргаан будлиангүй барилдаан зохион байгуулаад, Засаг дарга нь аймгийн цолны үнэмлэхийг гардуулаад ирэхэд холбоо санал гаргасанаараа бөхийн цолны эрэмбэнд оруулахаас өөр аргагүй. Харин намар, одоо өвөл хийж байгаа сумын цол олгох барилдаанд санаа зовохоос аргагүй байдалд биднийг хүргэж байна. Тэднийг хянах арга байхгүй, тэнд будлиан найраа, зүй бус үйлдэл гарч бөхийн нэр хүндийг унагах үйлдэл мөн өвөл цагт хол газар явцгааж аваар осол гарах вий зэрэг. Гэтэл бүр өнгөрсөн 7-р сард наадмаа хийчихсэн 30 гаруй сум байна. Барилдаанд түрүүлж үзүүрлэсэн залуучуудад Засаг дарга нь захирамж гаргаад сумын цол олгоод, тэд үнэмлэхээ бариад сумын цолтны барилдаанд бүртгүүлэхээр ирцгээсэн. Сая гэхэд 11 сард 20 гаруй сум цол олгох барилдаан зохион байгуулчихсан. Хуулиа зөрчсөн гэж үзвэл энэ зун, намрын аймгийн цол олгосон бүх наадмууд ч зөрчсөн. Бүр улсын наадмаа хойшлуулсан Засгийн газрын шийдвэр нь үндсэн хуулийн зарим заалттайгаа ч зөрчилдчихсөн. (Бүүр цааш нь үзвэл 2005 оноос хойших сум, аймгийн наадмууд ч хуулиа зөрчөөд хийчихсэн) Тэгэхээр хүчилж хориглохоор дараа нь төвөгтэй байдал үүсэх ийм зүйлүүд гарах, тэр нь зөвхөн одоо ид барилдаж байгаа 6000 гаруй бөх, бусад ахмад олон бөхийг харьяалах манай холбоонд орон нутгаас санал хүсэлтүүд ихээр ирж хүндрэл нилээн гарч байгааг шийдвэр гаргагчид маань дараа анхаармаар юм билээ.

Таны сурталчилгаа