Цаг үеийн мэдээ

"Бөртэ чоно 2021" наадам болж байна. Энэ оны шилдэг спортын бүтээн байгуулалтаар Мөсөн өргөө тодорлоо. Тус өргөөний талаарх чухал 7 фактыг танилцуулъя.

1. "Степпе Арена"  мөсөн өргөө нь Олон Улсын Олимпын Хорооны стандарт хэмжээг бүрэн хангасан.

"Степпе Арена" бол технологийн шинэ шийдэлтэй Монголын анхны мөсөн өргөө бөгөөд ОУОХ-ны стандартын дагуу 60м*30м хэмжээтэй бүтээгджээ. Мөс хөлдөөх системийн технологи, том талбайтай дээврийг хучдаг ЗИП систем, дээврийг тогтоох бүтээцийг огторгуйн хийцлэлээр шийдсэн зэрэг ховор хэрэглэгддэг онцгой шийдлүүдийг ашиглан бүтээжээ. 

2. Мөсөн өргөө нь өвлийн спортын бэлтгэл, тэмцээнээс гадна олон талын зориулалттай. 

Мөсөн өргөө нь өвлийн болон заалны спортын ордон, урлагийн тайз, театр, үзэсгэлэн ч болох боломжтой.  

3. Мөсөн өргөө нь 2600-3600 хүний багтаамжтай. 

Уг барилга нь мөсөн спортын хоккей, шорттек, уран гулгалт гэсэн гурван төрлийн тэмцээн явуулах стандартыг хангасан. Эдгээр үед 2600 хүн багтах бол бусад талбайн спорт тоглох үед зориулалтын шал дэвсээд 1000 суудал нэмэх боломжтой юм.

4. Мөсөн талбайг хөлдөөх 22 км шугам хоолойг монгол залуус хамтын хүчээр угсарсан.

Бетон талбайг хөлдөөх шугам хоолой нийтдээ 22,000 метр буюу хотын төвөөс 22-ын товчоо хүрэх хэмжээний урт. Голын талбай дээр дөчөөд залуус нэгэн удирдлагаар ажиллажээ. 

5. Мөсөн талбайд цахилгаан эрчим хүч хэмнэх нарны цахилгаан үүсгүүр ашигласан.

Мөсөн талбай дээр нарны шууд тусгал оруулахгүйн тулд урдаа цонхгүй байхаар баригджээ. Мөн 60 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр суурилуулсан нь дотор гэрэлтүүлгийн 70 хувийг хангаж, цахилгаан эрчим хүч хэмнэх юм. 

6. Ийм хэмжээний хүчин чадалтай агааржуулалтын бүрэн автомат систем зөвхөн Оюутолгойд л бий. 

Мөсөн өргөөний барилгын инженерийн шугам сүлжээний шийдэл нь маш өвөрмөц, хоорондоо нягт уялдаатай, харилцан хамааралтай систем юм. Нэг цагт 75 мянган метр.куб агаар нэвтрүүлэх хүчин чадалтай АНУ-ын "Carrier" брэндийн агаар боловсруулах төхөөрөмж нь Улаанбаатар хотод байгаа хамгийн том систем юм. Цахилгаан тоноглол л гэхэд Германы алдарт Шнайдерийн бүтээгдэхүүнийг хэрэглжээ. 

7. Мөсөн өргөөний дээвэр нь 70 метрийн алслалтай.

Өргөөний огторгуйн хийцлэл нь ямар нэг тулгуур баганагүй бөгөөд өндгөн толгой дээр олон талаас нэгтгэн зангидсан төмөр карказаас бүрдэнэ. 

Таны сурталчилгаа