Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, у.ө.и.н Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, у.н Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарав. Хантайшир дэвжээнээс ахмад бөхчүүддээ болон хүндэт засуулууддаа хүндэтгэл үзүүллээ. 

Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг Хантайшир дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн Алтай констракшны захирал Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон Хантайшир дэвжээний бусад удирдлагууд гардууллаа. 

Дараагийн барилдаан 2021 оны 12-р сарын 25-ны бямба гарагт Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ. 

 

Таны сурталчилгаа