Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр тэргүүтэй 128 бөх зодоглосноос улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзнээр дахин тодорч, тус цомыг үүрд хадгалах эрхтэй боллоо. Улсын гарьд М.Бадарч анх удаагаа тус барилдаанд үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, улсын начин Г.Ганжад нар үлдэв.