Цаг үеийн мэдээ

Азербайжан улсын эмэгтэй чөлөөт бөхийн ноён оргил, алдарт Мария Стадник UWW-д өгсөн ярилцлагадаа 2024 онд Парист болох зуны олимпын наадамд оролцох бодолтой байгаагаа мэдэгдэж зодог тайлсан тухай цуурхалд цэг тавилаа. Хоёр хүүхдийн ээж 33 настай тэрбээр “Надад тулалдах хүсэл байгаа л бол бүх хүч чадлаа биелүүлэх ёстой. Би Токиогоос буцаж ирсэн даруйдаа тамирчны замналаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Миний гэр бүл, найз нөхөд маань ч надад итгэдэг. Хүү маань намайг хүчтэй гэж хэлдэг. Үргэлжлүүлэн барилдаасай гэж хүсч байгаа" гэжээ. Украйнаас гаралтай Стадник 2008 оноос олон улсын түвшинд барилдаж эхэлснээс хойш ердөө 10-хан удаа ялагджээ. Түүний медалийн цуглуулгад олимпийн хоёр мөнгө, хоёр хүрэл, ДАШТ-ий 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль медалиас гадна Европ тивийн 10 (Европын наадмын хоёр түрүүг оролцуулаад) алтан медаль бий. Эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Японы домогт аваргууд болох Каори Ичо, Саори Ёшида нар л олимпын наадмаас дөрвөн удаа медаль хүртсэн байдаг. Хэрэв Стадник хоёр жилийн дараа Парист медаль хүртвэл олимпын наадмаас 5 медаль хүртсэн чөлөөт бөхийн төрлөөр анхны хүн болж түүхэнд нэрээ үлдээнэ.

Түүний хувьд Парисын олимпод 35 нас, 8 сартай байх бөгөөд өөрийгөө хэт их ядраахгүйн тулд ачааллаа багасгаж өмнөх шигээ олон тэмцээнд оролцох бодолгүй байгаа гэнэ. Хэдийгээр энэ жил ямар тэмцээнд оролцохоо мэдэгдээгүй ч шинэ олимпын циклийн анхны тэмцээн нь гуравдугаар сард Будапештэд болох ЕАШТ байх магадлал өндөр.

Таны сурталчилгаа