Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт өрсөлдөж буй “Эрдэнэтийн уурхайчид”, “Тэнүүн-Өлзий металл” багийн тоглолт өчигдөр болсон. Эл тоглолтын дараа “Эрдэнэтийн уурхайчид” багийн лидер Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Т.Санчир багийн тоглогчоо өшиглөсөн үйлдэл гаргасан. Т.Санчир энэ үйлдэлдээ уучлалт гуйлаа.
Тэрбээр “Өдрийн мэнд. Өчигдөр орой тоглолт дуусаад ёс зүйгүй үйлдэл гаргасан нь миний буруу. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусаас уучлалт хүсч байна.
Яг болсон явдал нь: Манай багийн хувьд лигийн бэлтгэлдээ есдүгээр сараас хойш хамрагдсан. Энэ хугацаанд 8-9 удаа шалтгаангүй бэлтгэл таслаж, баг хамт олноо хүндлэхгүй, спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан.
Манай багийн 2 тоглогч ар гэрийн асуудалтай, тамирчид дутуу үед ийм шалтгаанаар чухал тоглолтын урд өдөр бэлтгэл тасалсанд бухимдлаа шууд илэрхийлсэндээ дахин уучлалт хүсч байна. Миний бие 2006 оноос Дээд лигийн тэмцээнд тоглож эхэлсэн ах нар, багш дасгалжуулагч, баг хамт олныхоо үгийг сонсож хүлээж авч ирсээн. Дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.