“Portugal Grand Prix 2022” тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас -73 кг-д Л.Анхзаяа, Г.Сод-Эрдэнэ, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, Б.Мөррэнцэн, -63 кг-д С.Лхагвадулам, Ц.Номин, -70 кг-д Ц.Энхчимэг нар барилдаж хоёр тамирчин хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин Өмнөговь-2021 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Лавжаргалын Анхзаяа эхлээд Израйлын Сагив Сахарыг 2:11 минутад цэвэр, улмаар хоёрдугаар тойрогтоо тэмцээний чансааг тэргүүлэгч залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Мартин Хожакыг 2:07 минутад вазари үнэлгээгээр илүүрхэж яваад цэвэр буулгав. Улмаар хэсгийн аваргын төлөө шинэ оны өмнө манай эх оронд хамтарсан бэлтгэлд хамрагдсан Францын Жоан-Бенжамен Габаг 1:46 минутад иппон буулгасан бол хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевт вазари үнэлгээгээр ялагдсан байна. Одоо тэрбээр 2020 оны Будапештийн Гранд Сламын хүрэл медальт нас чацуу Молдавын Петру Пеливантай хүч үзнэ. Энэ бөхийг манай -66 кг-ын шинэхэн улсын аварга Гүнжинлхамын Сод-Эрдэнэ хэсгийн аваргын төлөө буулгаж авсан бөгөөд өрсөлдөгч нь хориотой үйлдэл гаргаж торгуулсанаар манай бөхөд ялалтыг өгсөн юм. Үүнээс өмнө Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо Недерландын бөхтэй барилдах байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй тул ялалт авчээ. Улмаар манай D хэсгийг тэргүүлэгч Гамбиагийн Фаеэ Нжиег 1:46 минутад цэвэр ялж, шилдэг наймд шалгарсан юм. Улмаар Молдавын бөхийг ялж хагас шигшээд үлдээд хагас шигшээд Испаний Сальвадор Касес Рокад ялагдсанаар хүрэл медалийн төлөө Францын Жоан-Бенжамен Габатай учраа таараад байна. Тэрбээр -66 кг-д өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байсан ч Туркт орсон их хэмжээний цасны улмаас нислэг нь хойшилж, -73 кг-д зодоглохоор болсон юм.
Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар шөнийн 01:00 цагт эхлэх бөгөөд С1 телевиз онцгой эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан хүргэнэ.