Өвлийн олимпын тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, Бээжин хот олимпод оролцох зочдоо хүлээн авч эхэллээ. Үүнтэй зэрэгцэн зочдын шинжилгээнээс Ковидын халдвар илэрсээр байна. Сүүлийн дөрөв хоногт бараг 3500 гаруй хүн Бээжинд газардсан бөгөөд тэдний 54-ийнх нь шинжилгээний хариу эерэг гарчээ. Баасан гарагт л гэхэд 36 хүнээс Ковидын халдвар илэрсэн байна.
Олимп эхлэх мөч ойртож, зочдын тоо нэмэгдэх тусам Ковидын тохиолдол нэмэгдэнэ гэж тооцон бэлтгэлээ базааж буйгаа зохион байгуулагчид илэрхийлэв.
“Ирсэн зочдоос илрэх халдварын тоо бидний тооцож байсантай нийцэж байна. Ковидын тоо цаашид ч нэмэгдсээр байх болно” хэмээн “Бээжин-2022” олимпын Эмнэлгийн шинжээчдийн багийн ахлагч, доктор Брайан МакКлоски ярьжээ.
“Халдварын оргил үе дөнгөж эхэлж байгаа тул бид цаашид илүү их тоо харах болно” хэмээн тэрбээр нэмж хэлэв.
Ковидын тахлын улмаас АНУ, Швейцар, ОХУ, Норвеги, Словенийн тамирчдын бэлтгэл тасалдаж, Бээжинг зорихоор бэлтгэж байсан тамирчдаас халдвар илрэх тохиолдол их байгаа юм. 246 хүний бүрэлдэхүүнтэй Канадын баг Бээжинд газардсаны дараа таван гишүүнийх нь хариу мөн эерэг гарчээ.
“Шинжилгээний хариу эерэг гарсан тамирчдыг бид тэр даруй тусгаарлаж байгаа. Гэхдээ тэмцээн уралдаанд нь оруулахын тулд бүхнийг хийх болно” хэмээн ноён МакКлоски ярьсан байна.