Цаг үеийн мэдээ

Парисын “BERCY ARENA”-д болж буй энэ оны эхний “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай 8 жүдоч хүч үзэж, -66 кг-д Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хилчин спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү, -48 кг-д Хөвсгөл аймаг, Сүлд спорт хорооны тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү нар алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Харин -60 кг-д Э.Ариунболд, -52 кг-д Б.Хорлоодой нар долдугаар байрт орлоо. 

Ё.Басхүү С хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Чан-Юүнийг 2:56 минутад, хэсгийн аваргын төлөө Финландын Луукас Сахаг 2:34 минутад тус бүр вазари үнэлгээ аван үргэлжлүүлэн даралтаар цэвэр яллаа. Улмаар хагас шигшээд олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг торгуулиар ялснаар олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баультай аваргын төлөө хүч үзнэ.

Харин Б.Баасанхүү эхний тойрогтоо 2015 оны залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын Ли Хие-Кюүнийг 1:17 минутад хоёр вазари үнэлгээ аван цэвэр ялсан бол хоёрын даваандаа тэмцээний чансааг тэргүүлэгч Францын Мелани Лего-Клемоныг нэмэлт цагт буулгаж авсан байна. Улмаар хагас шигшээд Германы Катарина Менцэд вазари үнэлгээгээр ялагдаж яваад жийх мэхээр хоёр вазари үнэлгээ аван финалд шалгарлаа. Тэрбээр -52 кг-д ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж явсан Японы Нацүми Цүнодатай аваргын төлөө барилдана.   

Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар шөнийн 00:00 цагаас эхлэх бөгөөд С1 телевиз онцгой эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан хүргэнэ. 

Таны сурталчилгаа