Парисын “BERCY ARENA”-д болж буй энэ оны эхний “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай 8 жүдоч хүч үзэж, -73 кг-д Токио-2020 олимпын хүрэл медальт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, -57 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
-73 кг-д манай гол фаворит Ц.Цогтбаатар С хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо Африкийн наадам болон тивийн АШТ-ий хошой хүрэл медальтай Аден Александр Хуссейнийг 58 секундэд цэвэр, хоёрдугаар тойрогт Польшийн Виктор Мровзинскиг вазари үнэлгээгээр ялаад хэсгийн аваргын төлөө -66 кг-ын Риогийн олимпын аварга Италийн Фабио Басилед вазари үнэлгээгээр ялагдсан. Гэвч дагах барилдаанд Азебайжаны Хедаят Хейдаровыг өрсөлдөөнөөс хассан Гамбиагийн Файе Нжиег даралтаар цэвэр ялж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр шалгаран үлдлээ. Тэрбээр олимп, дэлхийн мөнгөн медальт Азербайжаны Рустам Оружовын хэсгийг тэргүүлсэн Узбекистаны Шахрам Ахадовтой хүрэл медалийн төлөө барилдах бол -57 кг-д Л.Энхрийлэн Лондонгийн олимпын хүрэл медальт Францын Присилья Гнетотой хүч үзнэ. Л.Энхрийлэн эхний тойрогтоо Мадагаскарын Кристиан Виталтай учраа таарсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй тул ялалтыг авсан. Улмаар хоёрдугаар тойрогт Германы Сейжа Баллхаусыг 3:26 минутад өчих мэхээр цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт Францын Сара-Леон Сисикт ялагдал хүлээсэн. Гэвч торгуулийн тойрогт 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Польшийн Жулья Ковалчукийг нэмэлт цагт торгуулиар ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар шөнийн 00:00 цагаас эхлэх бөгөөд С1 телевиз онцгой эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан хүргэнэ.