Цаг үеийн мэдээ

“Бээжин-2022” олимпын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Монголчууд яг хэдүүлээ олимпын наадамд ирсэн, хэд нь улсын зардлаар яваа, манай тамирчдын бэлтгэл сургуулилалт ямар байгаа талаар тэрбээр мэдээлэл өгч, өвлийн спортын хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Монголын багийн ахлагч Ц.Сандуй "Монголын баг тамирчид болон ТВ-ийн сэтгүүлч, зураглаач гээд нийт 17 хүн Хүннү эйрийн онгоцоор нэгдүгээр сарын 31-нд Бээжинд ирсэн. Олимпын баг тамирчдын бүрэлдэхүүнд 7 хүн бий. Хоёр тамирчин, эмч, дасгалжуулагч, цанын холбооны нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан ажилтан гээд 7 хүн олимпын нээлтэд жагссан.

Коронавирусийн халдварын дэглэмийг чанд сахиж, тамирчид Шведэд бэлтгэлээ хийгээд тусгаарлалтад байж байгаад энд ирсэн. 

Манай тамирчид хамгийн шилдэг цана хөлөглөн олимпын наадамд уралдана. Тамирчдадаа шинэ цана, хувцас хэрэглэл авч өгсөн" гэв.

Олимпын наадамд оролцож буй Монголын баг Жанчхүүгийн тамирчдын тосгоны 9 дугаартай байранд Шведийн тамирчидтай хөрш болон байрлаж байна. Тус хотхонд тамирчин, дасгалжуулагч, албаныхан нийлсэн 1,800 гаруй хүн төвхнөж байгаа юм.  

Тамирчдын тосгонд 600 гаруй төрлийн хоолоор тамирчдад үйлчилж буй бөгөөд үсчин, банк, эмнэлэг, тоглоомын төв, фитнес төв зэрэг тамирчдад хэрэгтэй бүхэн энд бий хэмээн МҮОХ-ноос мэдээлэв.

Таны сурталчилгаа