Цаг үеийн мэдээ

АНУ-д төрж, өссөн ч Хятад улсын өмнөөс Бээжин 2022 олимпын наадамд оролцож буй 18 настай бүсгүй өчигдөр цанын тэмцээнээс алтан медаль зүүсэн юм.

Бээжин-2022 өвлийн олимпийн цанын чөлөөт гулгалтын эмэгтэйчүүдийн “Big Air” төрлийн медальтнууд өчигдөр /2022.02.08/ тодорлоо. Мэргэжилтнүүдийн таамаг ёсоор “Цасны гүнж” хэмээн олонд танигдсан Эйлин Гу түрүүлж, Францын Тесс Ледо мөнгөн медаль, Швейцарийн Матилде Гремауд хүрэл медаль тус тус хүртэв.

Эйлин Гу анхныхаа өвлийн олимпын наадамд оролцохдоо эмэгтэйчүүдийн цанын чөлөөт гулгалтын тэмцээнээс нийт 188.25 оноогоор алтан медалийн болзол хангажээ.

Уг тэмцээнээс Францын Тесс Ледо мөнгө, Швейцарын Матилда Гремо хүрэл медаль зүүсэн юм.

АНУ-ын Калифорни мужид төрж, өссөн Эйлин Гу ээжийнхээ эх орон Хятад улсын нэрийн өмнөөс өрсөлдөх шийдвэрийг 2019 онд гаргаж байжээ.

Энэ шийдвэр нь түүнийг Хятадад маш их алдартай болгож, фэнүүд нь түүнд “Цасны гүнж” хэмээх нэрийг өгсөн байна.

Гуг алтан медаль авсны дараа Хятадын Вэйбо сошиал платформ хэсэг хугацаанд унасан нь фэнүүдийнх нь хэт өндөр хандалттай холбоотой байжээ.

Эйлин Гу уг платформд 2.5 сая дагагчтай юм. Хятадын эрх баригчид бас тамирчин бүсгүйд маш хурдтайгаар талархал илэрхийлсэн нь ховор үзэгдэл байв.

“Манай тамирчин Гу Айлин Бээжингийн өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн цанын чөлөөт гулгалтын төрөлд төгс амжилт үзүүлэн алтан медаль зүүж, Хятад улсын нэрийг өндөрт өргөсөн явдалд бид гүнээ талархаж байна” гэж Бээжин хотын захиргаа, Коммунист намын Бээжин хотын хорооноос гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Гу Айлин нь тамирчин бүсгүйн хятад нэр юм. Түүний аав нь америк, ээж нь хятад хүн. Гу 15 насандаа дэлхийн аваргын шагналын тавцанд анх гарч байсан ирээдүйтэй тамирчин юм.

Харин Бээжин 2022 наадамд Хятад улсын нэрийн өмнөөс оролцох шийдвэр гаргасан нь олон улсын хэмжээнд дуулиан дэгдээж байжээ.

Хятад улс давхар иргэний харьяаллыг зөвшөөрдөггүй. Тиймээс Гу АНУ-ын иргэний харьяаллаас татгалзсан байж магадгүй гэсэн яриа гараад байгаа.

Тэрбээр энэ талаар хэзээ ч ам нээж байгаагүй юм. Өчигдөр тэмцээний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид түүнээс иргэний харьяаллынх нь талаар олон удаа асуусан ч хариулахаас зайлсхийж байв.

АНУ-д байхдаа өөрийгөө америк хүн гэдгээ мэдэрдэг бол Хятадад ирэхдээ хятад хүн гэдгээ мэдэрдэг гэсэн ганц хариултыг Гу өгч байжээ.

Цанын спортоор хичээллэдгээс гадна Эйлин Гу нь модель, нэр хүндтэй брэндийн нүүр царайгаар ажилладаг бөгөөд ирэх намар Стэнфордын их сургуульд элсэн суралцахаар болсон байна.

Эх сурвалж: CNN

 

 

Таны сурталчилгаа