“Тель Авив-2022” Гранд Слам тэмцээний эхний өдөр манай зургаан жүдоч хүч үзсэн бөгөөд гурав нь хүрэл медалийн төлөө хүч үзэхээр шалгарлаа. Эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубийн тамирчин Бямбажавын Цогт-Очир, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, Хөвсгөл аймаг, “Имперо” группын тамирчин Бавуудоржийн Баасанхүү нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. -60 кг-д Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажог цаг дуусахаас 4 секундийн өмнө вазари үнэлгээ авч ялсан. Улмаар хоёрын даваандаа С хэсгийг тэргүүлэгч өнгөрсөн оны Антальягийн Гранд Сламын аварга Бельгийн Жорре Верстраетенийг нэмэлт цагт буулгаж авлаа. Түүнчлэн шилдэг наймд залуучуудын ДАШТ-ий мөнгө, өнгөрсөн оны Парисын Их дуулгын аварга Азербайжаны Агаев Балабайг ялж, их шөвөгт шалгарсан ч Украйны Артём Лесюкт ялагдлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Гүрж гаралтай Недерландын Торнике Цжакадотой барилдана. Мөн “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Узбекистаны Бобур Яджиевийг дархан хөмөрөөгөөрөө вазари авч ялсан бол хэсгийн аваргын төлөө Украйны Богдан Ядовыг нэмэлт цагт иппон буулгасан байна. Гэвч тэрбээр Азербайжаны Нажафов Яшарт ялагдснаар хүрэл медалийн төлөө Францын Дайки Боубатай барилдахаар оноолт таарлаа. Түүнчлэн -48 кг-д Б.Баасанхүү эхний тойрогтоо 2021 оны залуучуудын дэлхийн аварга, 2021 оны Абу Дабигийн Их дуулгын аварга Италийн Скутто Ассуныг вазари үнэлгээгээр ялагдаж яваад ялсан бол хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Шира Ришонид торгуулиар ялагдлаа. Улмаар торгуулийн тойрогт Чилийн Мари Ди Варгас Лейг ялснаар Сербийн Милица Николачтай хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдээд байна. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 23:00 цагаас эхлэх бөгөөд С1 телевиз шууд дамжуулан хүргэнэ.