АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа, "АНУ тус улсад үзүүлэх эдийн засаг, аюулгүй байдлын тусламжаа үргэлжлүүлнэ" гэж мэдэгджээ.
Тодруулбал, тэрбээр Украинд 350 сая долларын цэргийн тусламж үзүүлэхийг төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд даалгасан байна.
Зеленский бямба гарагт нийтэлсэн дүрс бичлэгтээ Оросын зэвсэгт хүчнийг зөвхөн цэргийн бай биш, харин орон сууцны хороололд цохилт өгсөнд буруутгаж, "пуужин, сөнөөгч онгоц зэрэг бүх төрлийн зэвсэг хэрэглэж байна" гэж мэдэгджээ. Мэдээллийн төгсгөлд тэрбээр орос хэлээр Оросын эхлүүлсэн дайныг эсэргүүцэж байгаа ухамсартай Оросын ард түмэнд талархал илэрхийлжээ.
Мөн "Бид энэ дайныг зогсоох хэрэгтэй. Бид хамтдаа энх тайван амьдарч чадна" гэжээ.
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Украин хямралын асуудлаарх хэлэлцээрээс татгалзсаны улмаас тус улсын цэргүүд бямба гарагийн үдээс хойш дахин давшиж эхэлсэн” гэв. Дмитрий Песков бямба гарагт сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ, "Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь цэргийн томоохон хөдөлгөөнийг зогсоох тушаал өгсөн байсан" гэжээ. Мөн Москва Киевтэй хэлэлцээ хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ сарын 25-ны өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путинд хандан, хүмүүсийн амь нас хохирохоос урьдчилан сэргийлэхийн тулд түүнтэй хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан.
Украины төвийг сахих статусыг хэлэлцэх нөхцөлтэйгөөр Орос улс хөрш Беларусь улсад хэлэлцээ хийнэ гэж Кремль хариулт өгөөд байгаа юм.
Эх сурвалж: Монголын мэдээ