Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болов.
Хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно” гэснийг мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан“ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай нэгэн адил ойлгож хэрэглэнэ гэж тайлбарлаж, тогтоол баталлаа. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулав.
Монголын төв нам (МТН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Тус намын 960 гишүүний бүртгэл ирүүлсэн, бүртгэл дэх гишүүдийн мэдээлэл Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгуулахад 631 хүний мэдээлэл дутуу болон зөрүүтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.
Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараахь үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 10 дугаар зүйлийн 10.1.3-т “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” гэж заасныг баримтлан Монголын төв нам (МТН)-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.