АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ Украины нутаг дэвсгэрт халдан түрэмгийлж, цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан улс орон даяар мэдэгдэл хийлээ. Тэрээр уг мэдэгдэлдээ ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлийг хамгаалах цаг ирсэн гэдгийг онцолсон байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд халдан түрэмгийлснийхээ хариуг зохих хэмжээнд хүртэнэ гэдгийг анхаарууллаа. Байден өнгөрсөн долоо хоногийн турш Украинд гал нээсний хариуд Оросын эсрэг дараах алхмуудыг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Үүнд:
- Украин улсад 350 сая ам.долларын зэр зэвсгийн тусламж үзүүлэх
- Украины иргэдэд 54 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж хүргэх
- ОХУ-ын сонгогдсон банкуудыг дэлхийн банк санхүүгийн свифт гүйлгээнээс хасах
- Оросын төв банк рублийн ханшийг хамгаалахад хориг тавих
- Транс-Атлантын хэлэлцээрт нэгдэх явцыг зогсоох, Оросын олигарх хөрөнгөтнүүдийн хөрөнгийг царцаах
- АНУ нь ОХУ-ын онгоцуудад агаарын хилээ хаах зэрэг шийдвэрүүдийг танилцууллаа.
Түүнчлэн Цагаан ордны зүгээс ирэх саруудад Украинд яаралтай тусламж үзүүлэх 6,4 тэрбум ам.долларын багц гаргах саналыг Конгрессын танхимд өргөн мэдүүлсэн байна. Энэ мэтчилэн тусламж дэмжлэгийг Украины ард түмэнд үзүүлэх ч АНУ цэргийн бие бүрэлдэхүүнийг Орос-Украины тулаанд оролцуулахгүй гэдгээ дахин мэдэгдэв. Байденыг мэдэгдэл хийх үед Украинаас Вашингтонд сууж буй онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Оксана Маркарова байлцжээ. Дашрамд мэдээлэхэд Оросын мөнгөн тэмдэгт рублийн ханш болоод үнэт цаасны ханш 30-40 хувиар буурсан байна.
Эх сурвалж: BBC, CNN